Нүүр English Холбоо барих Өнөөдөр: 2010-9-5, Ням
Зочдын дэвтэр Мэдээлэл Хэвлэх Гарах
 
Ханиад томуугийн тахлын түүхээс…


-Гахайн томуу зургаан сарын өмнө хаанаас ч юм гэнэт гараад ирсэн мэт дэгдсэн ч H1N1 вирус зуу гаруй жилийн түүхтэй-

1889 oн

1889 оноос өмнө хүнд халдварладаг байсан томуугийн гол вирус үргэлж Н1 бүлгийнх байв. Харин тус онд Н2 бүлгийн шинэ вирус Орост үүсч дэлхийгээр нэг тархжээ. Шинэ вирусын уршгаар сая гаруй хүн нас барсан байна. Хожим Н2 бүлгийн вирус Н1-ийн байрыг эзэлсэн бөгөөд иймэрхүү хувьсал томуугийн цар тахлын гол онцлог аж. 1889 оноос өмнө төрсөн хүмүүсийн олонхи нь Н1 бүлгийн томуугийн вирусээр өвчилсөн тул дархлаатай болжээ. Тиймээс олон сая хүний аминд хүрсэн 1918 оны испани томуугийн тахлаас олонхи нь эсэн мэнд үлдсэн байна. Харин 1889 оноос хойш төрсөн хүмүүсийн дийлэнх нь Н1 бүлгийн томууны вирусын эсрэг дархлаагүй.

1918 он

Испани ханиад гэгдсэн 1918 оны тахал дэлхий даяар багаар бодоход 50 сая хүний аминд хүрсэн. Уг томуугийн вирус шувууны ханиаднаас хүний ханиад болон хүчирхэгжсэн H1N1 төрлийн вирус аж. Зун бүр дэгддэг томуугийн “давалгаа” хүйтний улирал ойртох тусам ширүүсдэг бөгөөд дэлхийн хэмжээнийх болох үед нь дэлхийн хүн амын гуравны нэг нь ханиад томуугийн халдвар авах магадлалтай болдог. Хэдийгээр ихэнх тохиолдол нь аминаас холуур ч дархлаа нь сул болон ужиг өвчтэй хүмүүс уушигны үрэвсэл, хатгаа зэргээс болж амиа алдах нь элбэг. Дээр дурдсанаар H1N1 төрлийн вирусын халдлагад өртөж байсны хувьд 1889 оноос өмнө төрсөн хүмүүсийн олонхи нь дархлаа сайтай. Ханиад томуу нь хүндэрснээс болж нас барсан хүмүүсийн олонхи нь вирусээс болж уушиг нь гадны ян, нянд өртөмтгий болж үрэвссэнээс өөд болдог. Харин орчин цагийн антибиотик үхлийн савраас сая сая хүнийг аварчээ. 1918 оны тахал давтагдлаа ч өдгөө анагаах ухааны хөгжил дэвшил бүтэн зууны өмнөхтэй харьцуулахааргүй болсон тул аюулыг нь хэд дахин бууруулж чадна. 1919 оноос хойш H1N1 төрлийн вирус улирлын шинжтэй томуугийн “дүр”-ээр хүнд болон гахайд үүрлэсээр байв.

1931 он

Томуугийн вирусээр гахай өвчилсөн тохиолдол АНУ-ын Айова мужид анх бүртгэгджээ.

1933 он

Хүний томуугийн вирусыг Лондонгийн Милл Хиллд анх удаа тусгайд нь шинжлэв. Өмхий хүрэнд туршиж үзэхэд Айовагийн гахайд ажиглагдсанаас ялгаатай атлаа ханиад томуутай хүнд ажиглагддаг бүх шинж өмхий хүрэнд ажиглагджээ. Энэ нь хүнд тусдаг вирусээр халдварлаж байсан өмхий хүрэн гахайд тусдаг вирусыг эсэргүүцэх хүчгүй гэсэн үг байв. Тэгэхээр хүнд болон гахайд тусдаг томуугийн вирус хэдийнэ бие даан хувьсаж эхэлсэн гэсэн үг.

1957 он

H1N1 төрлийн вирусыг бүрэн орлосон H2N2 вирус Азийн гэгдсэн томуугийн тахлыг үүсгэв. Энэ нь 1918 оноос хойшхи хүний томуугийн вирусыг анх удаа шинэ төрлийн вирус орлосон тохиолдол юм. Испани тахалтай харьцуулахад цар хүрээ, аюул нь бага байсан ч Азийн томуу 1-1.5 сая хүний амийг авч одов. Хүний дархлаанд нэгэнт зохицсон H1N1 вирус шувууны томуугийн H2N2 вирустэй хүч хавсарснаас үүдсэн Азийн томуугийн вирус өмнөх дэгдэлтүүдийн адил биеийн дархлаа сул хүмүүсийг хамгийн түрүүнд ниргэжээ. Гэхдээ хүнд хэдийнэ дархлаа нь үүссэн вирустэй нийлсний хувьд 1918 оны томуутай харьцуулахад аюул нь хэд дахин бага байлаа. Судлаачдын тогтоосноор хүн хамгийн түрүүнд өвчилсөн вирусээсээ хожим бүрэн хамгаалагддаг. Тиймээс 1957 оноос өмнө төрсөн буюу анх туссан ханиад томуугийн вирус нь H1N1 төрлийн вирус байх магадлалтай хүмүүс энэ оны гахайн томуугийн дэгдэлтэд өртөхгүй байх магадлал өндөр. Харин 1957 оноос хойш төрсөн хүмүүс эрүүл чийрэг, дархлаа сайтай биш л бол томуугийн ямар ч вируст өртөмтгий.

1968 он

Азийн томуугийн вирусээс хүч бага H3N2 вирус Хонконгийн гэгдсэн ханиадны тахлыг үүсгэв. Шинэ вирус өмнөх тахлуудын вирусээс аюул багатай ч дэлхийн хэмжээнд мөн л 0.75-1 сая хүний аминд хурч дөнгөв. H3N2 вирусийн H2N2 вирусээс ялгагдах ганц онцлог гадаргынх нь уураг буюу Н протеин юм. Бараг өөрчлөгддөггүй N2 протеинийг ихэнх хүн эсэргүүцэх чадвартай тул чухамдаа Н протеин нь л зарим хүний биед өвчин болон нэвтэрчээ. Хүч нь сул ч H3N2 вирус хүний томуугийн Н2N2-ийг бүрэн орлосон тул 1968 оноос хойш төрсөн ихэнх хүн Н2-ын эсрэг дархлаагүй.

1972 он

Усны шувуу томуугийн цар тахлын вирусын байгалийн тээгч болохыг Грахэм Левер, Роберт Вебстер нарын эрдэмтэд тогтоожээ. Шувууд хүний биед харь удамшлын шинжтэй бөгөөд тэр нь хүний онцлог, хүнд тусдаг өвчний вирустэй нийлж хүнд тусдаг шинэ халдварт өвчин үүсгэх аюултай.

1976 он

Гахайд тусдаг H1N1 вирус хүний аминд хүрсэн анхны тохиолдол бүртгэгдэв. АНУ-ын армийн залуу офицерийн аминд хүрсэн гахайн томуугийн вирус армийнхны хуарангаас халиагүй бөгөөд тахал болон өргөжихөөс нь өмнө албаныхан хяналтандаа авчээ. Харин 1918 оны тахал давтагдах вий гэж эмээсэн мэргэжилтнүүд 48 сая хүнийг гахайны томуугийн вирусээс сэргийлэх урьдчилсан тарилгад хамруулсан байна. Хачирхалтай нь, тэрхүү вакцин Гийена-Баррегийн синдром гэгдсэн өвчин үүсэхэд нөлөөлсөи бөгөөд урьдчилсан тарилгын сөрөг нөлөөг амссан 532 хүний 25 нь нас баржээ.

1977 он

H1N1 төрлийн вирусын ээлжит халдлага Хятадын зүүн хойд хэсэгт болов. Анхандаа, 1950-иад онд ЗХУ-д тархсан улирлын шинжтэй томуу шиг байсан ч эл дэгдэлт багахан хэмжээний тахал үүсгэжээ. Нэрвэгдсэн хүмүүсийн олонхи нь 1957 оны томуугийн вирус үгүй болсны дараа төрсөн хүмүүс байв. Гэхдээ өмнөх тахлын H3N2 вирусыг бүрэн орлолгүй зэрэгцэн оршиж байсан нь Хятадын томуугийн вирусын онцлог байлаа. Тиймээс 1977 оны дэгдэлтэд өртсөн хүмүүс энэ оны H1N1-ийн тархалтаас бүрэн хамгаалагдаагүй.

1998 он

Энэ оны дэгдэлтийн өмнөх гахайн томуугийн сүүлийн тахал тус онд АНУ-д дэгджээ. Арван жилийн өмнөх тэрхүү вирус хүн, шувуу, гахайд тусдаг томуугийн вирусын эрлийз байв. 1999 он гэхэд эрлийз вирус Америкийн гахайн фермүүдийн ихэнхэд тархаад байлаа. Урьдчилан сэргийлэх тарилга бүтээх нь мэргэжилтнүүдийг ихэд сорьсон гэдэг. Учир нь тэрхүү вирус энэ оны гахайн томуугийн шинэ вирусын адил хувьсамтгай бөгөөд гадаргынх нь уургийн бүтэц байнга хувирч өөрчлөгддөг аж.

2004-2006

Анх 1997 онд Хонконгд бүртэгдсэн H5N1 вирусын ханиад Азид дахин дэгдэж зэрлэг шувуудаар дамжин дэлхийгээр нэг тархжээ. Шувууны ханиад гэгдсэн ч хүний аминд халтай шинэ ханиадны вирус халдсан хүмүүсийнхээ тэн хагасынх нь амийг авч одсон бөгөөд хүнээс хүнд хурдан халддаг. H5N1 Индонезид гахайд халдсан нь тогтоогдож хүнд халддаг томуугийн вирустэй хүч хавсран идэвхжих вий гэж мэргэжилтнүүдийг эмээхэд хүргэсэн. Хэдийгээр олны таамагласантай харьцуулахад аюул нь бага байсан ч чухамдаа шувууны ханиадны “ачаар” олон улс үхэржин буюу вакцины нөөцөө нэмэгдүүлсэн юм. Мөн дэлхийн эм үйлдвэрлэл, хангамжийн пүүс компаниуд ханиад томуугийн урьдчилсан тарилгын судалгаанд ихэд анхаарах болов.

2007-2008

Тахал дэгдэх вий гэсэн олны айдас ханиад томуугийн судалгаанд зориулагдах хөрөнгийн хэмжээг нэмэв. Европ эрдэмтэд зэрлэг шувууны томууг, вьетнам судлаачид ханиад томуугийн вирусыг эсэргүүцэж үлдсэн хүмүүсийг судалж эхлэв. Олон улсын мэргэжилтнүүдийн судалгааны дүнд томуунаас болж амиа алдах магадлал удамшилтай холбоотой нь батлагдав. Олон нийт хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад ханиад томуугийн тухай ихийг мэддэг болсон ч Н1, Н5-аас гадна Н9, Н7, Н2 зэрэг бүлгийн олон аюултай вирус бийг эмч, судлаачид анхааруулж эхлэв.

2009 оны гуравдугаар сар

Гахайн шинэ төрлийн томуу гуравдугаар сарын сүүлээр АНУ-ын Калисрорни, Техас мужид бүртгэгдэв. Зарим эрдэмтний үзэж буйгаар шинэ вирус нэгдүгээр сард анх хүнд тусчээ.

2009 оны дөрөвдүгээр сар

Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар гахайн томуугийн вирустэй болох нь батлагдсан 900 орчим хүн Мексик Улсад бүртгэгдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн хэмжээний эрүүл ахуйн зэрэглэлийг гурваас дөрөвдүгээр шатлал руу шилжүүлэв. Халдварт өвчний эсрэг урьдчилсан тарилга гаргаж авах ажил олон улсад өрнөв. Томуугийн шинэ дэгдэлт бүртгэгдсэн орон руу зорчихгүй байхыг олон улс иргэддээ анхааруулсан ч аяллын хориг өвчний тархалтыг сааруулахгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав.

2009 оны тавдугаар сар

Гахайн томуугийн тархалт удаан байсан ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан тахлын хүрээнд ажиллахад бэлтгэж эхлэв. Мэргэжилтнүүд Америкийн эх газраас гадна вирус бүртгэгдэхээс нааш дэлхий нийтийг түгшээхгүй байхаар шийджээ. Гэсэн ч олон улс томуугийн дэгдэлттэй тэмцэхэд сайтар бэлтгэгдээгүйгээ мэдэгдэж, онгоцны буудлуудад хяналт шалгалт нэмэхээс өөрийг хийж чадахгүй хэмээн ДЭМБ-аас тусламж хүсэв.

2009 оны зургадугаар сар

Европын орнууд өвчний вирустэй хүмүүсийг илрүүлэхэд чиглэсэн ажлуудынхаа арга барилыг өөрчилж, хойд Америкт зорчсон зорчоогүйгээс нь үл шалтгаалан аль болох хүнийг хянаж эхлэв. Удалгүй Европын олон улс халдвартай хүмүүсийг илрүүлснээ зарлав.
Зургадугаар сарын 11-нд ДЭМБ гахайн томуугийн шинэ дэгдэлт дэлхийн хэмжээнд тахлын зэрэглэлд хурснийг зарлаж, вакцин үйлдвэрлэгчдээс улирлын шинжтэй ханиадны эсрэг бус тахлын хэмжээнд хүрсэн томуугийн эсрэг урьдчилан тарилга гаргаж авахад чадах бүхнээ хийхийг хүсэв.

2009 оны долдугаар

Ханиадны эсрэг “Tamiflu” эм H1N1 вирусыг устгадаггүй нь тогтоогдож шинэ дэгдэлтийн вирусыг устгах олон төсөл мухардав. Олон орон шинэ тарилгын эрэлд гарав. Судлаачдын тогтоосноор гахайны томуу бусад ханиад томуунаас илүү уушигны гүнд нэвтэрдэг байна. Гэхдээ H1N1-ийн халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн олонхи нь бүрэн эдгэрсэн нь тогтоогдсон.
Бөмбөрцгийн өмнөд хагаст буюу жилийн дунд үед өвөл нь тохиодог бүс нутагт гахайны томуу улирлын шинжтэй ханиад томууг орложээ. Энэ нь тахлын хэмжээнд хүрсэн томууны вирус өмнөх хоёр томуугийн вирусын хүчийг сулруулж мэдэх сайн талтай. Гэхдээ зарим эрдэмтний анхааруулснаар 1977 оны дэгдэлтийн үед ажиглагдсан шиг H3N2 вирус намрын сүүлчээр эргэн хүчээ эвч магадгүй гэдгийг ДЭМБ анхааруулав.

2009 оны есдүгээр cap

Урьдчилан сэргийлэх тарилга үйлдвэрлэдэг дөрвөн ч байгууллага ганц тарилгаар вирусыг устгана хэмээн бутээсэн вакцинаа сурталчлав. Бүрэн батлагдаагүй ч хувьсамтгай HINI-ийг эсэргүүцэгч болж чадна хэмээн ДЭМБ тэдгээр вакциныг олон улсад тараахаар болов.

2009 оны аравдугаар cap

Бөмбөрцгийн хойд хагаст өвөл болж буйтай холбогдуулан H1N1 шувууны ханиадны вирустэй нийлж Н5 бүлгийн хүнд халтай вирус болон хувьсах вий гэж эмээж буйгаа зарлав. Гэхдээ 2009 оны аравдугаар сарын сүүлийн байдлаар H1N1 вирус хүчирхэгжээгүй бөгөөд халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн нэг хүрэхгүй хувь нь л хүндээр өвдөж, үүнээс бага хувь нь амиа алдаж байна.

“Newscientist”

Г.Дулам  sonin.mn -ээс

 

© Олон Улсын "Гүүр" Коллеж

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг,
16-р хороолол, 13-р хороо
/Офицеруудын ордны урд/
Олон Улсын "Гүүр" Коллеж
Утас: +976-11-461744, +976-99194729, +976-96652300, +976-99037155
Факс: +976-11-461744
И-мэйл: info@bridge.edu.mn, bridgeinst@magicnet.mn
 
Зургийн цомог
 
Мэдээ
Оюутнууд зуны дадлагын аялалдаа явлаа
Ханиад томуугийн тахлын түүхээс…
Томуугийн А хүрээний (H1N1) вирусаас хэрхэн сэргийлэх вэ?
Монголын оюутны эрхийн түгээмэл тунхаг
2010 - 2011 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ
Олон улсын оюутны эрхийн өдрийн мэнд хүргэе
Ди Эйч Технологи